НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан. МБУС Газарзүйн тэнхим нь 22 дахь жилдээ усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Мөсөн голыг хамгаалах нь” уриан дор МБУС-ийн Газарзүйн тэнхимийн оюутнууд, “Уудам монгол” ЕБС-ийн багш, сурагчдын төлөөлөл хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Газарзүйн тэнхимийн багш профессор Е.Батчулуун үг хэлэв. "Уудам Монгол" ЕБС-ийн Газарзүйн багш Г.Оюун-Эрдэнэ “Хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих нь” сэдвээр өөрийн удирдан явуулдаг эко клубийн жишээн дээр илтгэл хэлэлцүүлэв.
Мөн тэнхимийн оюутнууд өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулан “Сэлбэ голын татмыг хамгаалахад оюутнуудын оролцоо”, “Ундны усны эрүүл ахуй ба зохистой хэрэглээ”, “Усны мөр” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Түүнчлэн ЕБС-ийн Газарзүйн хөтөлбөр, сурах бичгийн “Усан мандал” бүлэг сэдвийн хүрээнд “Ус ба уур амьсгалын өөрчлөлт (Мөсөн гол гэж юу вэ?), “Ус ба эрүүл мэнд (Мөсөн гол ба экосистем), “Усны бохирдол (Мөсөн голыг хамгаалах арга зам)”, “Усны эргэлт ба түүний ач холбогдол (Мөсөн гол хайлахад нөлөөлж буй шалтгаан)” сэдвүүдээр ЕБС-ийн хичээл, сургалтад ашиглах боломжтой сонирхолтой видео бичлэгүүдийг бэлтгэн танилцууллаа.