МУБИС-ийн бүтцийг өөрчлөх, оюутанд багшлах ухааныг эзэмшүүлэх сургалтын чанарыг сайжруулах, энэ чиглэлийн багш, судлаачийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтын судалгаа, туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх нөхцөл байдлыг сайжруулах, боломжийг нэмэгдүүлэх зорилтын дор тус тэнхим 2014-2015 оны хичээлийн жилд шинээр байгуулагдан ажиллаж байна.
Боловсролын тулгамдсан асуудлын хүрээнд “Асуудал, шийдэл, арга зам” их семинарыг үндэсний түвшинд 14 хоногт 1 удаа математик, байгалийн ухаан, мэдээлэл зүйн дидактик, боловсролын хэмжилзүй, боловсролын сэтгэл зүй, гүн ухааны онол, практикийн асуудлаар үндэсний түвшний эрдэм шинжилгээний хурлыг МУИС, БМДИ, БҮТ болон бусад холбогдох байгууллагатай хамтран жилд нэг удаа зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын багш нарт судалгаа шинжилгээний ололтыг хүргэх, аргазүйн зөвлөгөө өгөх, багш судлаачийн арга зүй, дидактик шийдлийн ололтыг түгээн дэлгэрүүлэх, багшлах ухаан, урлагийг хөгжүүлэх зорилгоор “Багшлах урлаг” сэтгүүлийг эрхлэн жилд 2 удаа гаргаж, боловсролын бүх шатны байгууллагын багшийн мэргэжлийг дээшлүүлэх “Багшлах урлаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус тэнхим боловсролыг хөгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангах, олон нийтийн соён гэгээрэлд хандсан олон талт үйл ажиллагаа явуулдаг. Тэнхимийн профессор багш нар БСШУЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг олон хэлбэрээр улс нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулж байна.