Физикийн тэнхим

Физикийн салбар нь тус сургуулийн Тоо-физикийн салбарын харьяанд бий болсон ууган тэнхимүүдийн нэг бөгөөд улс орны болон шинжлэх ухаан технологийн хөгжил, боловсролын салбарт тавигдаж буй зорилготой уялдан 1960-1991 онуудад физикийн тэнхим, 1992-1995 онуудад ерөнхий физик, физик-технологийн тэнхимүүд, 1996 онд Физик Технологийн сургууль байгуулагдахад онолын физик, ерөнхий физик, дидактикийн тэнхимүүд, 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр Математик, байгалийн ухааны сургуулийн бүрэлдэхүүнд Физикийн тэнхим нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна.

Физикийн тэнхимийн харьяанд буй ерөнхий физикийн механик, молекул физик, цахилгаан соронзон, оптик, цахилгаан техник, физик дидактикийн зэрэг лабораториудтай. Энэхүү лабораториуд нь 1986 онд ЮНЕСКО, 2012 онд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр бүрэн болон хэсэгчлэн шинэчлэгдэж тоноглогджээ.

Эдүгээ физикийн тэнхим нь бакалаврын зэрэгтэй багш нарыг бэлтгэхээс гадна, физикийн шинжлэх ухаан болон физик боловсролын магистр, докторын сургалтыг эрхлэн явуулж байна. Магистрын сургалтын онолын физик, биофизик, физик- сургалтын технологи, физик- электроник- мэдээлэл технологи, шугаман бус динамик гэсэн чиглэлээр мөн докторын сургалтыг физик боловсрол, онолын физик, атомын физик, мэдээллийн технологи гэсэн чиглэлээр физикийн боловсролын шаталсан сургалтуудыг явуулж байна.

Тэнхимийн багш нар олон улс, сургуулийн чанартай төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог бөгөөд тэдгээрээс дурдвал:

  • Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Моноцүкүри
  • ӨМБИС-тай хамтарсан Гарааны багшийн чадамжийг судлах нь
  • Багш бэлтгэх сургалтад нэгдмэл арга зүйг (STEM) нэвтрүүлж, хэрэгжүүлэх
  • “Dr.DAQ ашиглан Молекулын физикийн зарим ажлыг загварчлах нь
  • ӨМБИС-тай хамтарсан Физикийн нэр томьёоны толь бичиг бүтээх.

Манай тэнхимийн эрдэмтэн багш нар дээр дурдсан эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэлийн дагуу эрдмийн ажил бүтээлүүдээ сургууль, олон улсын зэрэглэлтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна. Мөн багш нар ерөнхий боловсролын сургуулийн физик, байгалийн шинжлэл хичээлийн сурах бичиг бичихэд оролцсоноос гадна, оюутан, сурагчдад зориулсан лекц, бодлогын хураамж, гарын авлага зэрэг номуудыг бэлтгэж олны хүртээл болгожээ.

Тэнхимийн санаачилгаар физикийн улсын олимпиадыг анх санаачлан зохион байгуулснаас хойш 30 жилийг үдсэн бөгөөд багш, оюутан, сурагч, эрдэм шинжилгээний байгууллагуудын багуудын халз тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Бид Эрхүүгийн багшийн их сургууль, ОХУ-ын Дубнагийн ЦШНИ, Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын багшийн их сургууль, ШУА-ийн физикийн хүрээлэн, МУИС зэрэг байгууллагуудтай сургалт эрдэм шинжилгээний хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.