Биологийн тэнхим

Багшийн институтийг 1951 онд байгуулахад үндэс сууриа тавьсан анхны дөрвөн салбарын нэг Байгаль-дэлхийн багшийг бэлтгэх салбар байв. Энэхүү салбарт биологийн багш нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Улмаар 1957 оноос Хими- Байгалийн тэнхим нэртэй байсан бол 1960 оноос дан Биологийн тэнхим болсон. Биологийн тэнхим төрөлх сургуультайгаа нас чацуу сургуулийн анхны тэнхимүүдийн нэг юм.

Биологийн тэнхим тэр үеэс эхлэн 1993 он хүртэл Хими-Биологийн мэргэжлээр багш бэлтгэх ажлыг Химийн тэнхимтэй хамтран гүйцэтгэж байгаад 1990 оноос дан Биологийн мэргэжлээр багш нарыг бэлтгэх болсон. Үүний зэрэгцээгээр 1986-1991 онд Биологи- Газарзүйн, 1995 оноос Экологи-Химийн багш, 2005 оноос Биологи- Газарзүйн багшийн ангийг дахин нээж, мөн Биологи- Эрүүл мэндийн, 2007 оноос Биологи- Биеийн тамир- Эрүүл мэндийн багш нарыг бэлтгэж ирсэн байна.

70-аад оны эхээр хөдөө орон нутагт багш нар дутагдах болсон тул биологийн багш нарын түргэвчилсэн курсээр 400-аад багш бэлтгэсэн бөгөөд тэднийг 1977 оноос эхлэн байгуулсан Биологийн багшийн эчнээ ангид суралцуулан төгсгөжээ. Өнгөрсөн хугацаанд Хими- Биологи, Биологи- Байгалийн шинжлэл, Экологи- Хими, Биологи- Газарзүй, Биологи- Эрүүл мэндийн багш мэргэжлээр бүгд 3000 шахам багшийг тус тэнхим бэлтгэн гаргажээ.

Тэнхим байгуулагдсан цагаасаа эхлэн эдүгээ хүртэл сургалтын зэрэгцээгээр багш, оюутны эрдэм судлалын ажлыг онцгой анхаарч ирсэн юм. Үүний үр дүнд тус сургууль гельминтологи, герпетологийн шинжлэх ухааны чиглэлээр улсын хэмжээний толгойлогч байгууллага болсон юм. Мөн сүүлийн үед ургамлын аймгийн болон палинологийн судалгаагаар тэргүүлэгч байгууллагын хэмжээнд хүрч байна.

Биологийн тэнхимийн багш, оюутнууд ОХУ, БНХАУ, Герман, АНУ, Япон, Солонгос улсын зарим их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийж төсөл хэрэгжүүлэн, нэлээд олон бүтээл хэвлүүлэн гаргав. Мөн 1970 оноос эхлэн эдүгээ хүртэл тус тэнхимийн багш, оюутнууд Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицэд оролцон ажиллаж ирсэн зэрэг нь тус тэнхимийн эрдмийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болсон юм.

Тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн, доцент Л.Пүрэв (1960-1963), дэд эрдэмтэн, доцент А.Гочоо (1963-1965), Шинжлэх ухааны доктор, профессор Г.Данзан (1965-1990), Монгол улсын профессор, дэд эрдэмтэн Х.Мөнхбаяр (1990-2004), дэд эрдэмтэн, дэд профессор Х.Төмөрбаатар (2004-2011), доктор, профессор Ц.Хонгорзул (2011-2014, Ургамал судлал- Ерөнхий биологийн тэнхим), доктор, дэд профессор М.Мөнхбаатар (2011-2014, Амьтан судлал- Экологийн тэнхим, 2014 оноос Биологийн тэнхим) нар ажиллаж ирэв.

Тус хамт олон сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа сургуулийн хэмжээнд олон удаа тэргүүний тэнхмээр шалгарч байсан нь үе үеийн тэнхимийн эрхлэгчид, эрдэмтэн багш нар, оюутан залуучуудын идэвх зүтгэлийн үр дүн юм.