Хээрийн дадлага

МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутнуудын дадлага хичээлийн танилцуулга

Хээрийн дадлага нь байгаль дээр  хичээлээ явуулж, оюутнуудад биологийн олон янз байдал болон тэдгээрийн оршин амьдрах орчин нөхцөл, тархац нутгийн онцлогтой биеэр очиж танилцуулах, судалгааны арга зүйн анхны мэдэгдэхүүнтэй болох, байгалийг хайрлан хамгаалах, байгаль хамгаалах асуудалд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой сургалтын хэлбэр юм. Биологийн тэнхимийн оюутнууд танхимд судалсан ургамал судлал, амьтан судлал, экологи, биогеографи зэрэг хичээлүүдээр эзэмшсэн онолын мэдлэгээ байгаль дээр бататган хээрийн судалгааны аргуудад суралцан дипломын ажилд хэрэглэх баримт, хэрэглэхүүн цуглуулах зорилгоор хээрийн дадлага хичээлийг судалдаг. Биологийн тэнхимийн хээрийн дадлагын сууринд “Хээрийн дадлага-1”, “Биологийн хээрийн дадлага” хичээлүүдийн дадлагыг хийдэг бол “Хээрийн дадлага-2” хичээлийг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар нутгуудад явуулын байдлаар хийж гүйцэтгэдэг. Мөн эрүүл мэндийн багшийн ангийн оюутнууд “Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн дадлага” хичээлийг судалдаг. Оюутан хээрийн нөхцөлд ажиглалт хийх, дээж материал цуглуулах, таньж тодорхойлох, үр дүнг боловсруулах, тайлан бичих зэрэг арга зүй эзэмшинэ.

Зураг: Биологийн тэнхимийн хээрийн дадлагын суурин байрлах Шатангийн суурин нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараа голын хөндийд оршдог. Оюутан багш нарын байрлах байртай Улаанбаатар хотоос 120 км  зайд оршдог. Энэ район нь Хэнтийн уулсын баруун хэсгийн өндөр уулсын захаар байрласан 1300-1700 м үнэмлэхүй өндөртэй, харьцангуй өндөр нь 500-800 м өндөртэй, уур амьсгалын хувьд дулаавтар зунтай хагас чийглэг бүсэд хамаарна. Агаарын температурын жилийн хэлбэлзэл 79-84 хэм, хоногийн хэлбэлзэл дунджаар 20-25 хэмд хүрдэг ба энэ нь  эх газрын  эрс тэс уур амьсгалтай холбоотой.  Зун нь богино бөгөөд халуун биш, хамгийн халуун нь 7-р сард дунджаар 15.6-37.0 хэм байдаг.

Хээрийн дадлага-1 хичээл

Биологийн багшийн ангийн оюутнууд хээрийн судалгааны сууринд 15 хоногийн хугацаатай хээрийн дадлага 1 хичээлд хамрагддаг. Уг хичээл нь Ургамлын анатоми, морфологи, Сээр нуруугүй амьтан судлал, Экологи, Эс, эд судлал, зэрэг хичээлүүдээр суралцсан онолын мэдлэгийг бататгаж байгалийн нөхцөлд амьд биетийг судлах, таньж тодорхойлоход арга зүйд суралцуулах зорилготой. Дадлага хичээлээр оюутнуудад ургамлан нөмрөгийн онцлог, амьтны аймаг, бүтэц, олон янз байдал болон тэдгээрийн амьдрах орчин, нөхцөл, тархац нутгийн онцлогтой биеэр очиж танилцах, сээр нуруугүй амьтан, ургамлын гадаад, дотоод бүтэц, олон хэлбэр, үүрэг, ач холбогдлын тухай мэдлэгээ байгалийн нөхцөлд бататгаж, дээж цуглуулах, харьцуулан ажиглах, хатаадас, монтаж бэлтгэх, тодорхойлох чадварыг эзэмшүүлдэг.

Тухайн хичээлийг судалснаар оюутанд дараах мэдлэг, чадвар, хандлага төлөвшинө.

  • Тодорхой газар нутгийн сээр нуруугүй амьтан, ургамлын гадаад, дотоод бүтэц
  • Ургамлын эс, эд, эрхтэн, анхдагч, хоёрдогч бүтэц, олон хэлбэр, дүрс хувирал, үүрэг, ач холбогдол
  • Сээр нуруугүй амьтдын олон янз байдал  
  • Эс, эд, эрхтнээр түр болон байнгын бэлдмэл бэлтгэх
  • Амьтан, ургамлын дээж цуглуулах
  • Амьтан, ургамлыг байгалийн нөхцөлд нь харьцуулан ажиглах
  • Ургамлын хатаадас, монтаж бэлтгэх
  • Ургамал, амьтныг тодорхойлох
  • Илтгэл, тайлан бичих          
  • Амьд байгалийн юмс, үзэгдлийг ажиглах, харьцуулах
  • Байгалийг хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулахад оршино.
  • Байгалийг танин мэдэх, судлах хүсэлтэй болох, сурталчлах

Хээрийн дадлага хичээлээр суралцагч өөрийгөө байнга хөгжүүлэх судалгааны арга зүй эзэмшиж, тодорхой газар нутгийн талаар мэдээлэлтэй болж, байгалийн гоо сайхнаар дамжуулан ногоон байгалийг хайрлан хамгаалах, эх оронч үзэл төлөвшинө.

Хээрийн дадлага-2

Хээрийн дадлага-1 хичээлийг судалсны дараа “Хээрийн дадлага-2” хичээлийг 10 хоногийн хугацаатай судалдаг. Ургамлын ангилал зүй, Сээр нуруутан амьтан судлал, Экологи, Биогеографи зэрэг хичээлүүдээр үзэж судалсан биологийн суурь мэдлэгийг бататгаж өгдөг хичээл юм. Монгол орны ой, ойт хээр, хээр, говь цөлийн бүсүүдэд 1000 гаруй км замыг туулан аялж байгалийн бүс бүслүүрүүдэд зонхилох болон ховор, ховордож буй биологийн төрөл зүйлтэй танилцан тэдгээрийн тархац, экологи, зохилдлогоо, олон янз байдлын талаар мэдлэгтэй болно. Энэхүү дадлагын явцад оюутан багш нар нэг газарт 1-2  хоног болоод дараагийн газарт очиж нийт 10 хоног майханд байрлаж хичээлээ судалдгаараа онцлог билээ.

Оюутан дадлагын явцад тухайн бүс нутгийн байдал, ямар бүс бүслүүрийн онцлогийг илэрхийлж байгаад ажиглалт хийх; Байгалийн бүс бүслүүрт зонхилон тохиолдох биологийн төрөл зүйлийг ажиглах, тархац, экологийг судлан тэмдэглэх, ховор болон ховордож буй зүйлийг тодорхойлох; Цуглуулсан дээжийн этикетка бичих, зураг дээр явсан газруудын маршрутыг тэмдэглэх; Тааралдсан болон ажигласан ургамал амьтны төрөл, зүйл, бүлгэмдэл, зонхилогчийн талаар тэмдэглэл хөтлөх; Багаараа бие даан авсан сэдвийн дагуу ажиглалт, тэмдэглэл, боловсруулалт хийх; Цуглуулсан дээж материалыг эмхлэн цэгцлэх, нэгтгэн дүгнэх, тайлан  бичиж хамгаалах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Тухайн хичээлийг судалснаар оюутанд дараах мэдлэг, чадвар, хандлага төлөвшинө.

  • Тодорхой газар нутгийн онцлог байдалтай танилцаж, тухайн газар нутгийн талаар ойлголт авах
  • Монгол орны байгалийн бүс бүслүүрт тархах ургамал, амьтны төрөл зүйлийн онцлогийг ажиглаж, олон янз байдал болон тэдгээрийн оршин амьдрах орчин нөхцөл, тархац нутгийн онцлогийг мэдэж авах
  • Судалгааны материал цуглуулах, хээрийн ажиглалт судалгаа хийх арга зүй эзэмших
  • Бакалавр, магистр, докторын сургалтад зориулсан сургалтын болон судалгааны материал цуглуулах

“Багш, Эрүүл мэндийн боловсрол” мэргэжлийн хөтөлбөрийн “Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн дадлага” хичээлийн товч танилцуулга

МУБИС-ийн Биологийн тэнхимд ЕБС-ийн “Эрүүл мэнд” хичээлийг заах багш бэлтгэх “Багш, Эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрөөр суралцагч төлөвлөгөөний дагуу 125 кредит цагийг судлахаас 2 кредит нь Эрүүл мэндийн үйлдвэрлэлийн дадлага хичээл байдаг.

Энэ хичээлийн зорилго нь, бие махбод, сэтгэц, нийгмийн хувьд тулгамдсан асуудалтай, хөгжлийн бэрхшээл болон хэл, соёл, шашин шүтлэгээр ялгаатай, нийгмийн олон янзын нөхцөл байдалд сурч, амьдарч буй хүүхдүүдийг таних, оношлох, улмаар эрүүл мэндийн багшийн ёс зүйг эрхэмлэн хүндэтгэлтэй харилцах, бусдад ойлгуулах, таниулах, зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах гэх мэт нийгмийн үйлчилгээ үзүүлэх ур чадварт суралцах явдал юм.

Хичээлийн агуулгын хувьд: Сурагчдын ялгаатай байдал буюу нөхцөл байдлыг үнэлэх арга зүй, зөвлөгөө өгөх арга зүй, байгууллагын төлөв байдал, дотоод дүрэм журам болон ёс зүйн дүрэмтэй танилцах, тодорхой бүлэг хүмүүстэй болон бүлгийн гишүүдтэй ажиллах, аливаа асуудалд олон талаас хандаж сурах тухай байна.

Арга зүйн хувьд: Оюутан нийт 2 долоо хоногийн хугацаанд хот суурин болон хөдөө орон нутагт үйлдвэрлэлийн дадлагыг дараах байгууллагуудад хийж гүйцэтгэнэ.

  1. Халамжийн төв
  2. Асрамжийн газар
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төв
  4. Нийгмийн халамжийн төвүүд
  5. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  6. Өсвөр насны ээжүүдтэй ажилладаг ТББ-ууд
  7. Архи, мансууруулах бодис хэрэглэгчидтэй ажилладаг төв
  8. Бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүстэй ажилладаг төвүүд гэх мэт болно.

Эдгээр байгууллагуудаас сонгож дадлага хийх ба дадлагад гарахын өмнө урьдчилж хамтран ажиллах гэрээ хийж, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гарах ба дадлагын үед баримтлах дүрэм, зарчмыг баримтлан хийж гүйцэтгэнэ. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг үнэлэх, мэдлэг, чадвар хандлагыг илрүүлэх асуулга судалгаа авч судалгааны арга зүйд суралцдаг.

Оюутан бүр тухайн дадлага хийж буй байгууллагын зорилтот бүлгийн хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудлуудын талаар тэмдэглэл хөтлөх ба тэдэнтэй харилцан ярилцаж, зөвлөгөө өгөн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нь тусална. Үүний тулд ганцаарчилсан, эсвэл фокус бүлгийн ярилцлага явуулах, асуулга судалгаа авах, анкет боловсруулах зэрэг судалгааны аргуудыг ашиглана. Судалгааны үр дүнг нэгтгэж тухайн дадлагаар сурч мэдсэн, хийсэн зүйлээрээ тайлан бичиж хамгаалдаг.

Зураг: “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-т дадлага хийж зорилтот бүлгийн хүмүүст сургалт зохион байгуулна.

Зураг: Байгууллагуудад эрүүл мэндийн боловсролын чиглэлээр сургалт зохион байгуулна. Өсвөр, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвд дадлага хийх хугацаанд эмэгтэйчүүд, охидын эрхийн талаар “Мэдлэгийн өртөө” сургалт зохион байгуулж буй байдал.

Зураг: Өсвөр үе – Ирээдүй төвийн “Итгэлтэй утас” дээр ажиллаж хүүхэд өсвөр насныханд зөвлөгөө өгдөг. Мөн тэдэнд тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийнэ.

Зураг: Хүүхдийн болон ахмадын асрамжийн газар очиж ахуй байдалтай танилцах, ярилцлага хийх, тэдний зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцох, туслах, үйлчилгээ үзүүлэх замаар хүмүүсийн олон янз байдлыг мэдэрч сургуульд суралцаж буй сурагчдаа мэдрэх, тэдэнтэй илүү дотно харилцаа үүсгэх, багшийн ёс зүйг чандлан эрхэмлэхийн ач холбогдлыг илүү ойлгож авдаг.