Газарзүйн тэнхим
Сургалтын орчин: Газарзүйн тэнхим нь байгаль орчны чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг бөгөөд дараахь 4 лабораторитай. Үүнд:
Хөрсний лаборатори
МУБИС-ийн эрхэм зорилго, сургалтын чанарыг сайжруулах, судалгааны ажлыг дэмжих, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, сургалт судалгааг хослуулах бодлогын хүрээнд Газарзүйн тэнхимд 2015 оноос эхлэн хөрсний лабораторийг байгуулсан. Хөрсний физик, химийн шинж чанарыг судлах, нэг удаад 15 оюутан лабораторийн хичээлд оролцож, туршилт хийх боломжтой өрөө тасалгаа багаж төхөөрөмжөөр хангагдсан. Энэхүү лабораторид хөрс судлал, хөрсний газарзүй, хөрсний экологи, дэлхий судлал, биогеограф зэрэг лаборатори хичээл ордог.
Монгол орны байгалийн бүс бүслүүрээс цуглуулсан 100 гаруй төрлийн хөрсний дээжийн цуглуулгатай, хөрсний голлох төрлүүдийг үзүүлсэн 10 гаруй монолиттэй. Тус лабораторид оюутнууд хичээлийн бус цагаар бие даан судалгааны материал боловсруулах, туршилт хийх, судалгааны илтгэл, дипломын ажил бичих зэргээр сургалтын үйл ажиллагаанд голлон ашиглаж байна. Азийн хөгжлийн банк, сургуулийн хөрөнгө оруулалтаар багаж төхөөрөмжид шинэчлэл хийсэн.
Эрдэс, чулуулгийн лаборатори
Энэхүү лабораторид ерөнхий геологи, эрдэс судлал, монголын геологи, палеонтологи зэрэг лабораторийн хичээлүүд ордог. 1500 орчим төрлийн эрдэс чулуулаг, ашигт малтмалын дээж бүхий цуглуулгын нөөцтэй. Хичээлд ашигладаг 500 орчим чулуулгийн бодит үзүүлэн, загвар, сургалтын материалтай, 20 гаруй геологийн, тектоникийн, ашигт малтмалын газарзүйн зураг зэрэг үзүүлэн тараах материал, микроскоп, геологийн алх, геологийн компас, дээж ялгах, ангилах өрөөтэй.
Газарзүйн тэнхимийн коридорт магмын, тунамал, хувирмал чулуулгийн хэсгүүдээс бүрдсэн 200 гаруй эрдэс чулуулгийн дээж бүхий 4 шкафтай. Нэг удаад 15-20 оюутан эрдэс чулуулаг тодорхойлох багтаамжтай бөгөөд хичээлийн бус цагаар хуваарийн дагуу бие даан суралцах бүрэн боломжтой
Газарзүйн мэдээллийн системийн, зайнаас тандан судлалын хичээлийн лаборатори
2011 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газарзүйн мэдээллийн системийн сургалтын лаборатори байгуулагдсан.
Уг лаборатори нь зайнаас тандан судлал болон газарзүйн мэдээллийн систем ашиглан байгалийн нөөцийн менежмент ба мониторинг хийх, байгаль орчны суурь судалгаа хийх, зайнаас тандан судлах болон газарзүйн мэдээллийн системийн онол, практик хэрэглээг хөгжүүлэх, дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулах цаашид сургалт эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах зорилт тавин ажиллаж байна.
Цаг уурын лаборатори
Газарзүйн шинжлэх ухааны үндсэн салбар болох цаг уурын ухааныг газарзүйн мэргэжлийг эзэмшиж буй оюутнууд зайлшгүй судлах шаардлагатай судлагдахуун юм. Тус тэнхмийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан цаг уурын хичээлийг багш мэргэжлээр суралцаж төгсөх оюутнууд судалснаар орон нутгаа судлах, орон нутгийн материал цуглуулахад чухал ач холбогдолтой мэдлэг, чадвар, дадлыг эзэмшдэг. Тус тэнхим нь цаг уур судлалын хичээлээр дадлага хийх цаг уурын ажиглалтын сургалтын талбай, лабораторийг сургуулийн дэргэд ажиллуулдаг бөгөөд тус талбайд сургалтын төлөвлөгөөний дагуу цаг уурын элементүүдийн хувьсал өөрчлөлтийг хөрсний болон агаар мандлын температур, агаарын даралт, агаарын чийгшил, салхиын ажиглалт, хэмжилт, үүлшлийн ажиглалт, хур тунадасыг хэмжиж, ажиглаж судалдаг.