Химийн тэнхим

1951 онд Улсын багшийн институт байгуулахад Байгаль- дэлхийн салбар нээгдсэн бөгөөд Химийн тэнхим эндээс эхлэлтэй юм. Химийн кабинет гэж нэрлэсэн тус салбарт Хими- биологи, Биологи- хими гэсэн ангиуд хамаарагдаж байсан ба Хими- биологийн багш нарыг бэлтгэж эхэлсэн.

1951-1957 он хүртэл бүрэн бус дээд боловсролтой Хими- биологийн багш нарыг 3 жилийн сургалтаар бэлтгэж байснаа 1957 оноос 4 жилийн сургалтаар бүрэн дээд боловсролтой багш нарыг бэлтгэх болсон. 2002 оноос тэнхим бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж Ерөнхий хими, Хими дидактикийн тэнхим болон хуваагдсан. Тус тэнхимийн эрдэмтэн багш нар өөрийн судалгааны ажлын талаар гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, ном бүтээл, гарын авлага, ЕБС-ийн сурах бичиг, багшийн номыг бичихэд тасралтгүй идэвхтэй оролцож ирлээ.

Манай эрдэмтэн багш нар Байгалийн түүхий эдээс фосфорын хүчил болон фосфор агуулсан нэгдлүүд гарган авах хими, технологийн судалгаа, МХТ-ийг хөдөөгийн боловсролыг боловсронгуй болгоход ашиглах, ТХТБ-ын үзэл санаа Монголын бага, дунд боловсролын түвшин дэх хэрэгжилтийн үнэлгээ, Дархдын хотгор гэх мэт гадаад, дотоодын томоохон төслүүдэд хамрагдсанаас гадна МУБИС-ийн дотоодын төсөлд баг бүрдүүлэн оролцож амжилттай ажиллаж байна.

Химийн тэнхим нь МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн мэргэжлийн тэнхимүүд, ШУА-ийн ХХТХ, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хатуу биеийн Хими-Механохимийн хүрээлэн, ОХУ-ын Санкт-Петербургийн Технологийн институт, ОХУ-ын Буриадын их сургууль, Дорнод Сибирийн салбарын технологийн их сургууль, Японы Акитагийн их сургууль, Өвөрмонголын Хөх хотын Багшийн их сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоон ажиллаж байна.