1951 онд үүсэн байгуулагдсан МУБИС-ийн ууган салбарын нэг Математик, байгалийн ухааны сургуулийн цахим хуудаст зочилж буй эрхэм таны амрыг эрэн мэндчилж байна.
Боловсрол бол улс орны хөгжлийн түлхүүр, тиймээс боловсролыг түгээгч багшийг бэлтгэх нь улс орны өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага билээ. Манай сургууль нь математик, мэдээлэл зүй байгалийн ухааны багш бэлтгэх чиглэлээр үндэсний хэмжээнд голлох байр суурийг эзэлж байна. Энэ үүднээс бид өнгөрсөн жилүүдэд математик, мэдээлэл зүй, хими, физик, биологи, газарзүйн багш бэлтгэх хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Манай оюутнууд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр, сургалтын таатай орчинд, чадварлаг багшлах хүний нөөцөөр хичээл заалгаж, сүүлийн үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн шинэ зууны багш, мэргэжилтэн болон төгсөж байна.
Боловсролын эрх зүйн шинэ орчин бүрдсэн, багш мэргэжлийг төрөөс онцгойлон анхаарч эхэлсэн нь цаашид багш мэргэжилтний үнэ цэнг улам бүр өсгөж, тэдэнд тавих шаардлага өндөрсөх тул бид ч мөн боловсролын шинэ технологи, арга зүйд ирээдүйн багш нарыг сурган, шинэ зууны хүүхдэд шаардлагатай мэдлэг, чадвар, үнэт зүйлийг төлөвшүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.
Манай сургууль нь багш, ажилтан, оюутны хамтын ажиллагаа, оролцоо, оролдлогод суурилан шинэ шинэ ололт амжилтад хүрэхийг чухалчлан ажиллана. Сургуулийн захиргааны зүгээс боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн багш, оюутны санал санаачилгыг байнга хүлээн авч, хамтдаа ирээдүйн боловсролын үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө гэсэн бүхнийг дэмжин ажиллах болно.
Та бүхний бие махбод эрүүл саруул, билиг оюун саруул тунгалаг байж, насан туршдаа тасралтгүй суралцаж, эрдэм боловсролтой багш, мэргэжилтэн бэлтгэх ариун үйлсэд хамтран зүтгэцгээе.
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн захирал
Доктор (Ph.D) Т.ГАНБААТАР