ХИМИЙН EРТӨНЦӨӨР АЯЛСАН НЭГ ӨДӨР

“Тэнхим сурталчлах 7 хоног” аяны хүрээнд  Химийн шинжлэх ухааны гайхамшиг, хэрэглээ, танин мэдэхүйн ач холбогдлыг оюутан залууст таниулах, химийн хичээлд хандах сонирхлыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологид суурилсан сургалтын шинэ боломжийг сурталчлах зорилгоор Химийн тэнхимийн сурталчилгааны өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 300 гаруй оюутан оролцож, химийн сонирхолтой туршилт, AR технологид суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн, VR Lab /виртуал лаборатори/, цахим АХА тэмцээн болон самбарын бичлэгийн уралдаантай танилцан, идэвхтэй оролцлоо.

ХИМИЙН ГАЙХАМШИГ: 4 ТУРШИЛТ – 4 СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮЛБЭР

 Өдөрлөгийн хамгийн ихээр анхаарал татсан хэсэг нь химийн амьд туршилтын үзүүлбэрүүд байв. Химийн урвалын нууцыг бодитоор харуулсан дөрвөн төрлийн туршилт оюутнуудын сонирхлыг ихэд татаж, танин мэдэхүйн шинэ мэдрэмж төрүүллээ.

  • “Дуут хий – Урвалын гайхамшиг” – Хийн үүсэлт, шинж чанарыг сонирхолтой туршилтаар харуулах;
  • “Галын найз ба дайсан” – Шаталтыг дэмжигч болон үл дэмжигч хийн онцлогийг харьцуулан үзүүлэх;
  • “Өнгө хувиргагч шидэт уусмал” – Химийн урвалын явцад өнгө өөрчлөгдөх үзэгдлийг таниулах;
  • “Галаар наадах” – Химийн урвалын онцлогийг харуулах;

Дээрх туршилтууд нь химийн онолын мэдлэгийг бодит үзэгдэлтэй холбон ойлгуулахын зэрэгцээ оюутнуудын шинжлэх ухаанч сониуч зан, асуулт асуух, танин мэдэх хүсэл эрмэлзлийг дэмжсэн юм.

 

 

ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ БА ВИРТУАЛ ЛАБОРАТОРИЙН ШИНЭ БОЛОМЖ

Химийн сургалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оюутнуудад шинэлэг сургалтын орчныг таниулах хүрээнд 30 төрлийн AR (Augmented Reality) сургалтын хэрэглэгдэхүүн, 3 төрлийн VR (Virtual Reality) виртуал лабораторийг танилцууллаа. AR технологиор дамжуулан химийн бүтэц, үзэгдэл, ойлголтыг бодит орчинд дүрслэн харах, VR лабораториор дамжуулан виртуал орчинд туршилт хийх боломжийг танилцуулсан нь оюутнуудын анхаарлыг татсан онцлог үйл ажиллагааны нэг байв.

 

“ХИМИ ХЭР САЙН МЭДЭХ ВЭ?” – МЭДЛЭГ, СЭТГЭХҮЙ, АВХААЛЖ САМБААНЫ СОРИЛ

Оюутнуудын химийн шинжлэх ухааны мэдлэгийг сорих, сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор цахим хэлбэрээр АХА тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнийг оролцогчдын мэдлэгийн түвшинд нийцүүлэн хими сонирхогчдын болон химийн мэргэжлийн ангийн оюутнуудын гэсэн хоёр ангиллаар явуулж, асуулт-хариулт, химийн агуулгатай оньсого, тааврын төрлөөр мэдлэг, сэтгэх чадварыг сорилоо.

 

 

САМБАРЫН БИЧЛЭГИЙН УРАЛДААН – МЭДЛЭГИЙГ БҮТЭЭЛЧЭЭР ИЛЭРХИЙЛЭХҮЙ

Мөн химийн шинжлэх ухааны нэр томьёо, ойлголт, томьёоллыг самбарт зөв, цэвэр, эмх цэгцтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор самбарын бичлэгийн уралдааныг зохион байгуулж, оюутнуудын бүтээлийг баримтжуулан авлаа.

 

Хими бол зөвхөн судлах хичээл бус, харин шинийг нээх, турших,

бүтээх гайхамшигт ертөнц юм!

 

Бусад мэдээ