“Тэнхим сурталчлах 7 хоног” аяны хүрээнд Физикийн тэнхимийн сургалт, судалгаа, үйл ажиллагаа болон мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн зорилго нь физикийн шинжлэх ухааны үндсэн хууль, зүй тогтол, байгалийн үзэгдлийн учир шалтгааныг сонирхолтой туршилт, танин мэдэхүйн үйл ажиллагаагаар дамжуулан таниулах, оюутнуудын шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч хандлага, судлан шинжлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Тус үйл ажиллагааны хүрээнд оюутнуудад зориулан физикийн сонирхолтой туршилтуудыг танилцуулж, өөрийн биеэр туршиж үзэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Ингэснээр онолын мэдлэгийг практиктай холбон ойлгох, байгалийн үзэгдлийг туршилтаар тайлбарлан танин мэдэх сонирхлыг дэмжсэн нь онцлог байв.
Түүнчлэн физикийн шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор танин мэдэхүйн самбарын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус самбарт XXI зууны эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, шинэ нээлт, судалгааны ололт амжилтыг онцлон танилцуулсан нь өдөрлөгийн нэгэн содон тал байв. Энэ нь оюутнуудад орчин үеийн шинжлэх ухааны хөгжил, шинэ нээлт, технологийн дэвшлийн талаар мэдээлэл авах, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг олголоо.
Мөн өдөрлөгийн хүрээнд байгалийн ухааны мэдлэгийг сорих, оюутнуудын танин мэдэхүйн идэвх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор нийт оюутнуудын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд оюун ухаан, мэдлэг чадвараа сорин амжилттай оролцсон дараах оюутнууд шалгарлаа. Үүнд:
- I байр: Физикийн багш мэргэжлийн I курсын оюутан Б. Амаржаргал
- II байр:Физикийн багш мэргэжлийн I курсын оюутан Ө.Номин
- III байр: Физикийн багш мэргэжлийн II курсын оюутан Б.Хүслэн нар тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Эл өдөрлөг нь физикийн шинжлэх ухааны үнэ цэнэ, хэрэглээ, орчин үеийн хөгжлийг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ оюутнуудын мэргэжлийн сонирхол, идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагааны зургаас: