МУБИС-ийн Физикийн тэнхимийн Тоо- физикийн багш, доктор, доцент Г.Додон агсны төрсөн дүү хүрэлцэн ирж, хэрэглэж байсан ном, сурах бичгийг Физикийн тэнхимийн номын фондод хандивлав.

 МУБИС-ийн МБУС-ийн Физикийн тэнхимийн тоо- физикийн багш, доктор, доцент Г.Додон агсны ар гэрээс 2025.05.26-ны өдөр тус сургуулийн хичээлийн 3-308 тоотод хүрэлцэн ирж, Г. Додон багшийн хэрэглэж байсан Орос 200 гаруй ном, сурах бичгийг физикийн тэнхимийн номын фондод хандивлав. Тус үйл ажиллагааны хүрээнд МБУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч доктор Х.Батболд, тэнхимийн багш ажилчид болон Г.Додон багшийн төрсөн дүү нарын төлөөллөөс оролцон Г.Додон багшийн намтар түүхийг хуваалцан, гаргасан амжилтууд, шавь нарынх нь амжилттай яваа ажил байдлын талаар хөрөг нэвтрүүлгийг үзэн дурсан ярилцав.

Г.Додон багшийн намтар түүхээс товч дурдвал: Гонгоогийн Додон 1932 оны тахиа жилд Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн нутаг Хэцүү даваат гэдэг газар мэндэлсэн.

1940-1944 онд Сагил сумын бага, 1944-1947 онд Улаангомын 7 жилийн дунд,1947-1950 онд Ховд аймгийн 1 дүгээр арван жилийн сургуулиуд, 1950-1951 онд МУИС-ийн бэлтгэл анги, 1951-1955 онд МУИС-ийн 10 дахь төгсөлтөөр тоо-физикийн багш, физикч мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Улаангомын 10 жилийн сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхлэн 1955-1958 онд хүртэл монгол хэлний Д.Бат-Очир, физикийн З.Цэвээн зэрэг багш нартай хамт гурван жил ажиллахдаа физик, математикаас гадна шугам зураг, түүх болон бусад хичээл заадаг байсан. Сайд нарын зөвлөлийн 1957 оны 383 дугаар тогтоолоор Багшийн Дээд Сургуулийг хамгийн шилдэг сайн багш нараар хангах даалгаврыг Гэгээрлийн Яаманд өгснөөр тухайн үед хот хөдөөгийн сургууль боловсролын байгууллагад ажиллаж байсан, МУИС төгссөн Ш.Батаа, Л.Шагдарсүрэн, Б.Батжаргал, У.Доёд, Г.Додон, Л.Дамба, М.Насанбуян, Ц.Эрдэнэчимэг нарыг татан авч ажиллуулжээ. Г.Додон 1958-1961 онд УБДС-д тоо-физикийн багш, 1961-1964 онд физик-математикийн факультетын декан, 1971-1981 онд физикийн тэнхимийн эрхлэгч, 1981 оноос багшаар ажиллаж байсан.Ерөнхий физик, онолын физик, соронзон судлал зэрэг хичээлээр оюутнуудад лекц уншиж, дадлагын ажлуудыг удирдаж байв.

Багшлахын зэрэгцээ соронзон судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн сурах бичгүүд зохиох, орчуулах, бодлогын хураамжийн эмхэтгэл гаргаж, дээд сургуулийн физикийн сурах бичиг “Цахилгаан” нэртэй 700 хуудас номыг Г.Аюушжав, И.Балбар, дүү Г.Чимиддорж нарын хамт орчуулан, редакторлаж хэвлүүлж байсан нь одоо хүртэл шинжлэх ухаан, боловсролын салбарт үнэтэй бүтээл хэвээр байна. 1964-1968 онд ЗХУ-д аспирантурт суралцан Физик-математикийн шинжлэх ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Увс аймгийн Улаангомын 10 жилийн дунд сургууль, УБДС-д 27 жил багшилсан.

Ном товхимол:

1. Г.Додон, З.Цэвээн.  Физикийн цээж бодлогын хураамж. 1958 он

2. Г.Додон. Үл сонсогдох дуун. УБ, Гэгээрлийн яам, 1963 он, 31 х

3. Г.Додон. Физик, YIII анги, хоёр дахь хэвлэл. УБ, 1966 он

4. Г.Додон. Физикийн унших бичиг. 8 жилийн дунд сургуулийн сурагчдад зориулав. УБ, 1966 он

5. Г.Додон. Дунд сургуулийн физикийн курст ойролцоо тоолол хэрэглэх УБ,УХГ, 1972 он

6. Г.Додон, Г.Чимиддорж. Дэлхий ба сансрын  соронзон орон. УБ, УХГ,1974 он

7. Г.Додон, З.Цэвээн. Физикийн хялбаршуулсан лекцүүд. УБ, 1975 он

8. Г.Додон. Физик.  Дунд сургуулийн IX ангид үзнэ. УБ,УХГ,1978 он

9. Г.Додон. Физик.Дунд сургуулийн YII ангид үзнэ. УБ,УХГ, 1980 он

Энэ үеэр МБУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Доктор. Х.Батболд Физикийн тэнхимийн багш Тоо- физикийн багш,  доктор, доцент Г.Додонгийн агсаны гэр бүлд баярласнаа илэрхийлэн талархлын бичгийг дурсгал болгов.

Шагнал, цол, зэрэг:

-1968 онд Физик-математикийн ухааны доктор (Ph.D)

-1973 онд доцент цол (1973-11-28. №94)

-1976 онд “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан”(1976-01-29. №76-95)

-1971, 1981 онд Ардын хувьсгалын 50,60 жилийн ойн медаль

 

Бусад мэдээ