Биологийн лаборатори

УРГАМАЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИ 601 тоот өрөө

Биологийн тэнхимийн Ургамал судлалын лаборатори нь мөн адил МУБИС-ийн ууган лабораториудын нэг юм. 70 гаруй жилийн сургалт, судалгааны үйл ажиллагааны үр дүнд олон арван магистр, доктор зэрэгтэй судлаач төгсөн гарсан. Ургамлын ангилалзүйн лаборатори нь ургамлын ангилалзүй, экологи, бэлчээрийн ургамлын чиглэлээр оюутнуудыг мэргэшүүлэн монгол орны ургамлын аймгийн талаарх шинжлэх ухааны ойлголт өгч, арга зүйд суралцуулж, судалгааны ажилд оролцуулдаг. Тус лабораторид 8000 орчим ургамлын гербари хадгалагдаж байгаа нь монгол оронд томоохонд тооцогдоно. 10-15 оюутан сууж лабораторийн хичээлийн үйл ажиллагааг явуулдаг.

УРГАМАЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИ 602 тоот өрөө

Ургамлын анатоми, морфологи /M.BI401/ болон Ургамлын физиологи /M.BI413/ хичээлийн лаборатори сургалтын үйл ажиллагаа явагддаг. Мөн ургамлын аж ахуйн хичээлүүд ордог ба оюутнууд цэцэг, ургамал ургуулан арчлах практик ач холбогдол бүхий лаборатори юм. Лабораторийн хичээлд 10-15 оюутан сууж хичээллэх боломжтой.

БИОХИМИ, МИКРОБИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ 607 тоот өрөө

Биохими, микробиологийн лаборатори нь 30 орчин жил сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 2011 оноос сургалтын орчин сайжирч үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Тус лабораторид Биохими, микробиологийн хичээлүүдийн лабораторийн дадлага ажилд ордог. Мал амьтны махны биохимийн судалгааг хийж, олон үр дүнд хүрээд байна. 10-15 оюутан сууж лабораторийн хичээлийн үйл ажиллагааг явуулдаг.

АМЬТАН СУДЛАЛ ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИ 612 тоот өрөө

Амьтан судлалын лаборатори нь МУБИС-ийн ууган лабораториудын нэг бөгөөд одоогоор тасралтгүй 70 гаруй жил сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулж байна. Биологийн багш мэргэжлийн оюутнуудын сээрнуруугүй болон сээрнуруутан амьтан судлал, энтомологи, экологи, орнитологийн хичээлүүд тус лабораторид ордог. Лабораторид байгалийн амьд буланг 2011 оноос эхлэн тохижуулсан юм. Амьтан судлалын лабораторид сарьсан багваахай, загас, шавж, шувуу судлалын эрдэм шинжилгээний ажлыг бакалавр, магистр, докторын түвшний судлаач оюутнууд багш нарын удирдлагаар гүйцэтгэдэг.

ПАРАЗИТОЛОГИЙН ЛАБОРАТОРИ 612 тоот өрөө

МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь паразитологийн судалгаа юм. Паразитологийн лабораторийг шинжлэх ухааны гавьяат ажилтан профессор Г.Данзан анх үүсгэн байгуулсан бөгөөд тус лаборатори нь паразит амьтан судлал, гельминтологийн хичээлүүдээр биологийн мэргэжлийн бүх төвшний суралцагчдад үйлчилгээ үзүүлдэг. Энэ хичээлүүдийг судалснаар шимэгч амьтдын бие бүтэц, экологи, амьдралын эргэлтийн талаар мэдлэгтэй болж шимэгч амьтдаас урьдчилан сэргийлэх тэдгээртэй тэмцэх дадлыг эзэмшдэг.

ГЕРПЕТОЛОГИЙН ЛАБОРАТОРИ 104 тоот өрөө

Герпетологийн лабораторийг ардын багш, профессор Х.Мөнхбаяр анх 1967 онд УБДС-ийн төв байрны 104 тоот өрөөнд байгуулж байжээ. Лабораторийн судалгааны үр дүнд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн  зүйлийн бүрэлдэхүүн, тархац, экологи, биоценозын холбогдлын асуудал судлагдаж анхны нэг сэдэвт “Монгол орны хоёр нутагтан, хэвлээр явагчид” бүтээл 1976 онд гарч байснаас хойш оросын эрдэмтэдтэй хамтарсан “Земноводные МНР” (1988), “Земноводные Монголии” (2017) бүтээлүүд хэвлэгджээ. Герпетологийн лабораторид Монгол оронд тархсан 7 зүйлийн хоёр нутагтан, 23 зүйлийн мөлхөгчид, бүгд 30 зүйлийн амьтны бүрэн цуглуулга хадгалагдаж байна.

ПАЛИНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ 104 тоот өрөө

Палинологийн лаборатори нь 1995 оноос МУБИС-ийн Биологийн тэнхимийн дэргэд байгуулагдсан. Монгол орны ургамал-ургамалжилтыг болон цэцгийн тоосны судалгааг 30-аад жил явуулж 2000, 2014, 2018 онуудад 3 удаа улсад магадлан итгэмжлүүлэн улмаар улсын хэмжээний тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж сорил туршилт явуулан, судалгааны баг бүрдүүлж зохих үр дүнд хүрээд байна.

Биологийн тэнхимийн оюутны хээрийн дадлагын суурин

Биологийн тэнхимийн хээрийн дадлагын Шатангийн суурин нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараа голын хөндийд оршдог. Улаанбаатар хотоос 120 км  зайд байрлах энэхүү суурин нь Хэнтийн уулсын баруун хэсгийн өндөр уулсын захаар байрласан 1300-1700 м үнэмлэхүй өндөртэй уулс бүхий, уур амьсгалын хувьд дулаавтар зунтай хагас чийглэг бүсэд хамаарна. Агаарын температурын жилийн хэлбэлзэл 79-84 хэм, хоногийн хэлбэлзэл дунджаар 20-25 хэмд хүрдэг.

Биологийн тэнхимийн оюутнууд танхимд судалсан ургамал судлал, амьтан судлал, экологи, биогеографи зэрэг хичээлүүдээр эзэмшсэн онолын мэдлэгээ байгаль дээр бататган хээрийн судалгааны аргуудад суралцан дипломын ажилд хэрэглэх баримт, хэрэглэхүүн цуглуулах зорилгоор хээрийн дадлага хичээлийг тус сууринд хийдэг. Оюутан хээрийн нөхцөлд ажиглалт хийх, дээж материал цуглуулах, таньж тодорхойлох, үр дүнг боловсруулах, тайлан бичих зэрэг арга зүй эзэмшинэ. Хээрийн дадлага хичээлийг байгаль дээр явуулснаар амьд биетийн амьдрах орчны нөхцөлийн онцлогтой оюутан өөрийн биеэр танилцаж байгалийг хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрддэг юм.

Биологийн тэнхимийн эрдэм шинжилгээний цуглуулга, үзмэрийн сан 124 тоот өрөө

МУБИС-ийн Биологийн тэнхим нь 70 гаруй жилийн түүхтэй, өдийг хүртэл олон арван жил цуглуулсан эрдэм шинжилгээний зориулалттай амьтдын цуглуулга, ургамлын олон арван мянган хуудас бүхий сан хөмрөгийг хадгалж хамгаалах, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах ажил эхлээд байна.

Багш, оюутнуудын олон жилийн судалгаа, нөр их хөдөлмөр, ихээхэн хөрөнгө мөнгийг зарцуулан бүрдүүлсэн энэхүү сан хөмрөгт олон зүйл нугаламгүй амьтад байхаас гадна загас 36 зүйл, хоёр нутагтан 7 зүйлийн 102 бодгаль, мөлхөгч 19 зүйлийн 275 бодгаль, шувууны 22 зүйл, хөхтөн амьтны 70 гаруй зүйлийн 400 орчим цуглуулга, гуурст ургамлын хатаадас 10 мянга орчим хадгалагддаг.

Ургамлын судалгаа, үржүүлгийн хүлэмж

 

 


Биологийн шинжлэх ухааны үндсэн чиг хандлага нь өнөө үед туршилт судалгаанд тулгуурлах болоод байгаа иймд бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг ургамлын хүлэмж болон гадна талбайд явуулдаг. Дэлхий даяар, сургалтын технологийн чиг хандлага нь биосферийн хэлбэрт шилжиж, аливаа үйлдэл нь хүрээлэн буй орчинд ээлтэй хэлбэрээр явагддаг болж байгаа ба иймд хүлэмж нь эко орчин бүрдүүлэх ач холбогдолтой.

Биологийн багш бэлтгэж буй бакалавр болон магистрын сургалтын төлөвлөгөөний ургамлын интродукци, цэцэрлэгжүүлэлт зэрэг хичээлүүдийн дадлага дөрвөн улирлын турш энэхүү хүлэмжид орох боломжтой.

Вирусээр өвчилсөн ургамлын тандалт судалгааг биологийн тэнхимийн хүлэмжид явуулж байна.
Хүлэмжид тариалдаг жимс, жимсгэнэ болон элдэв хүнсний ногооны өвчлөл үүсгэгч вирусийн судалгааг доктор И.Даваажаргал багш хийж гүйцэтгэдэг. Уг судалгааны хүрээнд БНСУ-ын Шинжлэх Ухаан технологийн хүрээлэнтэй хамтран ажилдаг бөгөөд, манай

генетик, молекул биологийн лабораторийн хүчин чадалд тулгуурлан вирусийн РНХ ялгах боломжтой.

ГЕНЕТИК, МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ 117 тоот өрөө

  1. Судалгааны үндсэн чиглэл
  • Амьтны филогенетикийн судалгаа
  • Ургамлын вирусийн судалгаа
  • Ургамлын генетикийн судалгаа
  • Амьтан, ургамлын дээжээс ДНХ ялга

Амьтны филогенетикийн судалгаа: Энэ чиглэлийн судалгааны хүрээнд багш Г.Онолрагчаа нь монгол орны гэрийн малын филогенетик, гарал үүслийн судалгаа болон зарим зүйл зэрлэг амьтадын генетикийн судалгааг хийж гүйцэтгэж байна.

Зураг. Амьтны филогенетикийн зарим үр дүн

Гэрийн малын генетикийн хувьд хонь, ямаа, үхрийн генетик, зэрлэг амьтдын хувьд нөмрөг тас, цоохор хонин гүрвэл, зарим зүйл хоёрнутагтан, гар далавчтан, хадран загас зэрэг амьтдын генетикийн судалгааг хийж гүйцэтгэж байна. Гарсан үр дүнгүүд бүгд олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн.