Захирлын мэндчилгээ


Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 8 бүрэлдэхүүний сургуулийн нэг Математик, Байгалийн Ухааны сургуулийн нийт оюутан, багш, ажилтнуудаа төлөөлөн энэхүү вэб хуудсаар мэндчилж байгаадаа баяртай байна.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн ууган салбар болох Тоо-Физик, Байгаль-Дэлхий судлал нь өнөөдрийн МБУС-ийн үндэс, суурь юм.

Өнөөдөр тус сургууль нь бакалавр, магистр, докторын түвшиний нийт 2000 гаруй оюутантай, хөтөлбөрийн алба, 7 тэнхим, 3 төв, 120 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуульд математик, мэдээлэлзүй, байгалийн шинжлэх ухаан, заах арга зүй, боловсрол судлалын чиглэлээр улсдаа тэргүүлдэг, судалгаа, шинжилгээний ажлын үр дүн нь Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг, гарын авлага зохиогч, эрдэмтэн, судлаач багш нар ажиллаж байна. Багш нарын 40 хувь нь докторын зэрэгтэй, 60 хувь нь магистрын зэрэгтэй байна.

Бид “Багш-Математикийн Боловсрол”, “Багш-Байгалийн Ухааны Боловсрол”, “Багш, эрүүл мэндийн боловсрол” багц хөтөлбөр хэрэгжүүлж 7 мэргэжлийн чиглэлээр багш бэлтгэхийн зэрэгцээ, Программ хангамж, Экологич мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн гаргаж байна.      

Монгол улсын ЕБС-д ажиллаж буй Математик, Мэдээлэлзүй, Байгалийн Ухааны багш нарын 70 орчим хувь нь манай төгсөгчид байгаагийн зэрэгцээ үе үеийн төгсөгчдөөс маань боловсролын салбарт төдийгүй нийгмийн бусад салбарт нэр хүндтэй яваа олон арван алдартан, гавьяатнууд төрөн гарсан байдаг.  

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд багш бэлтгэх хөтөлбөрүүдээ шинэчлэн, кредит системийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын үр дүн нь Математик, Мэдээлэлзүйн багш бэлтгэх хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлж, 2018 оны 1 дүгээр сард анх удаа 3.5 жилээр 160 оюутан төгсгөж, давхар болон хавсарга мэргэжлийн хөтөлбөр, Англи хэлтэй багш хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаагаас харагдаж байна.

Үндэсний болон олон улсын түвшний индекс өндөртэй сэтгүүлүүдэд хэвлүүлж буй  МБУС-ийн эрдэмтэн багш нарын бүтээлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Бид манай сургуулийг төгсөн гарч буй ирээдүйн багш нарыг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чадвартай, бие даан тасралтгүй суралцаж, хөгжих хүсэл эрмэлзэлтэй судлаач, мэргэжилтэн болгохын төлөө сургалт, эрдэм шинжилгээний таатай орчин бүрдүүлэх, удирдлагаар ханган ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Та бүхэндээ эрдмийн их амжилт хүсэн ерөөе.